Search

Словенийн хүүхдийн зурагт ном Монголд!

“Нэпко Кидс” хэвлэлийн газраас зохион байгуулж буй “Улаанбаатарын өнгө 2020” хүүхдийн ном туурвих уралдааны оролцогчдод зөвлөгөө болох үүднээс бидний эрхлэн гаргасан Словенийн Сар бид хоёр зурагт номын зохиолч, зураач Андрэа Пэкларын тухай мөн түүнтэй өрнүүлсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.


“Сар бид хоёр” зохиолыг бичихэд танд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

Миний бодлоор бага насны дурсамжууд минь их нөлөөлсөн. Би өндөр уулын хормойд байрлах жижигхэн хотод амьдардаг байсан юм л даа. Шөнө сарны гэрэлд цасанд хучигдсан уулсыг харж алхах их дуртай байж. Сарны гэрэлд байгаль дэлхий тэр аяараа тун ч жигтэй санагддаг байж билээ. Бас тэр үедээ од тоолох, нуугдаж тоглодог байсан бөгөөд сар яг л зохиол дээрх сартай ижилхэн харагддаг байлаа.



Та хэрхэн зураач болж байсан бэ?

Би багаасаа л урлагт сонирхолтой, зурж, будах хоббитой байсан даа. Бэлтгэл ангид байхад ангиараа нийлж суугаад зураг зурна. Бид хотдоо зургийн студитэй байсан болохоор тэндээ бөөнөөрөө очоод л зурж өгнө дөө. Эхлээд би уран зургийн философи болон түүх чиглэлээр сурч байсан юм. Гэхдээ надад ямар нэгэн юм бүтээх чин хүсэл асар их байсан тул Уран зургийн академид зураачаар сурсан. Дипломынхоо эхэнд хүүхдийн танин мэдэхүйн, шинжлэх ухааны, түүхэн номууд дээр ихэвчлэн ажилладаг байсан. Бас хүүхдийн сонинд зураачаар ажилладаг байсан. Гэхдээ би хүүхдийн номын зураг зурах хамгийн дуртай.

Хүүхдийн номын зураг зурахад хэдий хэр хугацаа ордог вэ?

Миний хувьд номын зураг зурахад ерөнхийдөө 3-4 сарын хугацаа ордог. Гэхдээ судалгаа, бодох, хэвлэл гээд түүнээс ч урт хугацаа шаарддаг.

Таны хэрэглэх дуртай зургийн хэрэгсэл юу вэ?

Маш олон бий. Их том том зургууд зурах сонирхолтой учраас, өнхрүүшээр будах дуртай. Мөн харандаа, будагт их дуртай даа.

Та ямар өнгөнд дуртай вэ?

Надад яг дуртай өнгө гэж байхгүй ээ. Зохиолынхоо уур амьсгалыг мэдрээд, ямар өнгө ашиглахаа шийддэг.

Та зохиол бичихдээ зохиолоо эхэлж төсөөлдөг үү эсвэл зургаа эхэлж төлөвлөдөг үү?

Яг зэрэгцээд л явдаг. Үг зураг хоёроор теннис тоглоод байгаа юм шиг л. Заримдаа үгээрээ үйл явдал, тухайн уур амьсгалыг илэрхийлж, зарим үед зургаасаа санаа авч зохиолоо бичдэг дээ.


Зураачийн тухай


Андрэа Пеклар нь Словенийн хүүхдийн номын зохиолч, зураач юм. Тэр ихэвчлэн хүүхдийн номыг дүрслэн зурдаг бие даасан уран бүтээлч юм. Түүний бүтээлүүдээс гэвэл олон тооны хүүхдийн зурагт ном, мөн түүнчлэн сургуулийн насны сурагчдын олон ч номыг зурагжуулж байжээ.


Тэрээр хэд хэдэн удаа өөрийн бие даасан зургийн үзэсгэлэн, олон улсад томоохон үзэсгэлэнгүүд гаргаж байжээ. Тэрээр Словенийн хамгийн шилдэг зургаан хүүхдийн номын зураачдын нэгд багтдаг бөгөөд гадаад, дотоодын олон шагнал хүртсэн ажээ.

26 views

© 2020 by Nepko Kids. 

  • White Pinterest Icon
  • White Facebook Icon
  • White Instagram Icon