Search

Хүүхдийн номыг хэрхэн ангилдаг вэ?

Updated: Mar 19

Хэвлэл ном бий болохоос өмнө томчууд хүүхдүүдэд амаараа үлгэр ярьж өгдөг байлаа. XV зууны үеэс зөвхөн хүүхдүүд зориулсан гол төлөв шашин хийгээд ёс суртахууны агуулгатай бүтээлүүд хэвлэх болжээ. Харин XIX зууны сүүл, ХХ зууны эхэн үеийг хүүхдийн уран зохиолын “Алтан үе” гэж үздэг. Эдүгээ сонгодог хүүхдийн зохиолд тооцогдож буй Люис Кэрролын Алиса гайхамшгийн оронд (1865 он) зэрэг гайхалтай зохиолууд энэ үед хэвлэгджээ.

“Улаанбаатарын өнгө 2020” хүүхдийн ном туурвих уралдаан зарлагдсантай холбогдуулан уншигч, оролцогчиддоо хүүхдийн номын ангиллын талаар анхан шатны ойлголт өгөх товч мэдээллийг хүргэж байна. Хүүхдийн номыг насны ангиллаас гадна төрөл жанраар дараах байдлаар ангилдаг.


Зурагт ном

Хүүхдийн зурагт ном нь зураг болон хүүрнэл бичвэрээс бүрдсэн байна. Зургийг тосон будаг, акрил, усан будаг, харандаагаар зурсан байж болно. Зурагт номын ангилалд хамаарах хамгийн эртний зохиол бол 1845 онд Германы хүүхдийн зохиолч Хайнрих Хоффманы туурвисан буруу зан авир ямар хор хөнөөлтэйг тайлбарласан Сэгсгэр Питэр (Der Struwwelpeter) юм. Түүний дараа бидний сайн мэдэх Биатрикс Поттэрийн Питэр нэрт туулай (1902 он) зохиол гарчээ.

Хүүхдийн зурагт ном дотроо цагаан толгойн ном, тоолдог ном, нярай хүүхдүүдэд зориулсан зурагт ном, хуанлийн ном, тоглоомын ном, хөлөгт ном гээд олон төрөл. Үүнээс гадна сүүлийн үед дэлгэрч буй нэг төрөл нь silent book буюу зөвхөн зургаар үйл явдал, утга санааг өгүүлдэг “бичвэргүй ном”. Энэ номын онцлог нь хүүхдүүд өөрөө үйл явдал, өрнөлийг төсөөлөн бодож “зохиол” бичихэд бий. Ийм ном сэтгэн бодох, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, зохиол эсвэл үлгэр бичих сэдлийг өдөөх гайхалтай аргад тооцогдож байна.


Ардын үлгэр, домог

Хүүхдийн уран зохиол дотроо үлгэр, домог нэн эртний уламжлалтай. Бидний хамгийн сайн мэдэх зохиолч бол Нугасны муухай дэгдээхэй, Цасангуа зэрэг үлгэрийг зохиосон Данийн хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсэн. Түүний туурвисан гурван мянга гаруй үлгэр 125 хэлнээ орчуулагдсан байдаг.

Үеэс үед ам дамжин уламжлагдсан үлгэр, домгийн зарим зохиогч тодорхойгүй, зохиогчийн эрх үүсээгүй, заримынх нь хугацаа дуусгавар болсон зэргээс номын зураач нар ийм бүтээлүүдийн зургийг нь шинэчлэн зурж, чадвараа сорих нь их байдаг.


Хүүхдийн уран зохиол


Түүх, бодит үйл явдалд тулгуурлаагүй төсөөллөө хүүрнэсэн бүтээлийг бид уран зохиол хэмээн нэрлэдэг билээ. Уран зохиол ч бас шинжлэх ухааны уран зөгнөлт (Жюль Вэрнийн Дэлхийн гүн рүү аялсан нь зохиол), түүхэн зохиол, ид шидийн гэхчлэн дотроо олон төрөлд хуваагдана. Хүүхдийн уран зохиол голдуу шинжлэх ухааны хувьд боломжгүй зүйлсээр дүүрэн, далд ертөнц, ид шид, төсөөллийн ертөнцийн тухай байдаг. Үүнд Ж.К.Роулингийн Харри Поттэр цувралыг эш татаж болно.


Баримтат зохиол

Баримтат зохиол бол уран зохиолоос яг эсрэг; баримт, түүх, шинжлэх ухаанд үндэслэсэн зохиол бөгөөд зохиогчоос үнэн зөв, баттай ноттой зүйл бичихийг шаарддаг. Түүхэн, шинжлэх ухааны, техникийн, эдийн засгийн, онолын, философийн, шашны гэх мэт янз бүрийн агуулгатай байж болно.

Баримтат хүүхдийн зохиол таны бодож байгаа шиг тийм ч хэцүү биш. Хүүхэд хүртэл хүүхэддээ зориулж зохиол бичиж чадаж байна. Өнгөрсөн жил Нэпко хэвлэлийн газар 8 настай канад хүүгийн бичсэн Жаалхүү Эллиотын үлэг гүрвэлийн гарын авлага номыг эрхлэн гаргасан. Хичээл дээрээ үлэг гүрвэл судлах даалгавар авсан жаалхүүгийн гэрийн даалгавар эцэстээ баяжин баяжсаар бүтээл болж олон хэлнээ орчуулагдсан байна.



Намтар зохиол

Намтар зохиол баримтат зохиолын ангилалд багтах ч утга зохиолын томоохон төрөл жанр болон хөгжжээ. Хувь хүний боловсрол, ажил, харилцааны тухай бичихээс гадна зохиолын баатар амьдралд нь тохиосон үйл явдлыг хэрхэн даван туулсан түүх хамгийн сонирхолтой хэсэг нь байдаг. Хүмүүс өөрийн дурсамж, дуртатгалыг бичих хандлага түгээмэл. Хэрэв өөр хүний тухай бичих гэж байгаа бол өөрөөс нь эсвэл гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авах нь зүйтэй. Хүүхдэд зориулан бичсэн намтар зохиол Монголд дутагдалтай байдаг.


Яруу найраг, шүлгийн ном

Эдүгээ бидэнд мэдэгдэж буй хамгийн эртний бичмэл яруу найраг МЭӨ 2037 оны үед хамаарах чулуун хавтан дээр шүмэрүүдийн бичиж үлдээсэн хайрын шүлэг юм. Нэн эртний уламжлалтай утга зохиолын төрөл яруу найргийн бүтээлүүд сонет буюу 14 мөрт шүлэг, таван мөрт наргиа шүлэг, хайку гээд олон хэлбэрээр бичигдсэн байж болно. Харин төрөл жанрын хувьд хүүрнэл найраг буюу тууль, баатарлаг тууль, элэглэсэн найраг, гунигт шүлэг, шүлэглэсэн үлгэр гээд олон дэд ангилалд хуваагдана. Хүүхдэд зориулсан нь ихэвчлэн далд утга санаа байхгүй, энгийн үгээр бичсэн шүлэг байдаг.

#nepkokids #ColorsofUB

16 views

© 2020 by Nepko Kids. 

  • White Pinterest Icon
  • White Facebook Icon
  • White Instagram Icon